Thursday, February 28, 2013

ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

 








Өнөөдөр Монголын уран зургийн галлерейд нээлтээ хийж буй “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг үзэж сонирхлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хаан түүхтэй монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, -ТАСАМ-Тархан суурьшсан монголчууд ТББ, Монголын архитекторуудын эвлэл хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна.
МУ-ын СГЗ, Зохиолч, яруу найрагч Ш. Гүрбазар үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг хөтөлж байна.  Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд,  УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үг хэллээ. Хатагтай Ц. Оюунгэрэл хаан түүхтэй монголчуудын түүх, соёлыг түүхийг судлаж ажиллаж байгаа, тэр тусмаа бүсгүй хүмүүс энэ их ажилд ханцуй шамлан орж, сэтгэл зүрхээрээ хөдөлмөрлөж байгаа явдалд талархан, урмын үг хэлж байлаа.
Үзэсгэлэнд сэтгүүлч Бадамсамбуу, яруу найрагч Ц. Хулан болон бусад олны танил эрхэм хүрэлцэн иржээ. Мөн “Mongol costumes” ХХК-ийнхан монгол угсаатны хувцас загварын шилдэг үзүүлбэрээс үзүүл, бяцхан авъяастнууд “Халуун элгэн нутаг” дуугаар мэндчиллээ.
Үзэсгэлэнд Тархан суурьшсан монголчууд ТББ–аас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсад судалгаа хийн гэрэл зургийн хальсанд буулгасан Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан одон орны төвийн туурь, Хубилай хааны одон орны төвийн туурь, Захирагч Үлэгбэхийн байгуулсан одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн эзэнт гүрний үеийн 50 ш зоос, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх ухааны академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургийг дэлгэн тавьжээ.
Энэхүү үзэсгэлэнг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 18-ны хооронд Монголын Уран зургийн галерейд олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэн үзүүлэх юм. Та бүхэн амжиж заавал очиж үзэж сонирхоорой.